Марафонд гүйхийн өмнө энэ нийтлэлийг заавал уншаарай

2026 оны 04 сарын 03

 Марафонд гүйхийн өмнө энэ нийтлэлийг заавал уншаарай

Улаанбаатар Марафон 2026 тун удахгүй болох гэж буйтай холбогдуулан тамирчиддаа зориулж товчхон зөвлөгөөг мэргэжлийн тамирчид болон туршлагатай гүйгчдийн зүгээс хүргэж байна.


Марафоны өглөө та Сүхбаатарын талбай дээр гарааны дохио хүлээж байх үед зүрх чинь хурдтай цохилж, мянга мянган хүмүүстэй хамт баяртайгаар зогсч байх болно. Гэхдээ 10 км-ийн дараа нөхцөл байдал шал өөр болно— хөл хүнд болж "чи цаашаа чадах уу?" гэж асууна. Тэр мөчийг давахад халаасандаа хийсэн жижигхээн гель чамд хамгийн их тусална.

Гель бол ид шидийн зүйл биш. Гэхдээ зөв цагт, зөв аргаар хэрэглэвэл УБ марафоны хамгийн хэцүү хэсгийг давахад тань жинхэнээсээ туслаж чадна. Яаж гэж үү?


Эхлээд, яагаад гель хэрэгтэй талаар олж мэдье.

Хүний биеийн булчин гликогенийг үндсэн түлш болгон ашигладаг. Энэ нөөц ихэвчлэн 30–35 км-д дуусна. Тэр үед хурд буурч, хөл хүнд болж, зарим гүйгчид тэр чигтээ зогсдог. Гүйгчид үүнийг "хана цохих" гэж нэрлэдэг — хуурай газарт цахилгаан тасрах мэт мэдрэгддэг.

Гель нь хурдан шингэдэг нүүрс ус учраас булчинд шууд хүрч, тэр хоосрох мөчийг хойшлуулдаг. Үүний тулд ядрахаас өмнө хэрэглэх нь чухал — утас дуусчихаад цэнэглэх гэхэд оройтсонтой адил. Ихэвчлэн хүмүүс ядрахаараа ууя гэж боддог ч, ядарсны дараа уувал таны эрч хүч аль хэдийн буурсан байна.


УБ марафоны маршрут ба гелийн стратеги

Маршрутын онцлог: Сүхбаатарын талбай → Сөүлийн гудамж → Сансарын туннель → Бөхийн өргөө → Шангри-Ла → буцаж Сүхбаатарын талбай. Хот дотуур гүйдэг тул нарны шарлага, тоос, хатуу асфальт — бие чинь энергийг хурдан зарцуулна.


Гель хэрэглэх хуваарь

УБ марафонд бүтэн гүйх дундаж гүйгчид 5–6 гель хэрэгтэй. Дараах зургуудаас харна уу.


Зөв хэрэглэх 3 дүрэм

1. Усаар даруулж уу — заавал

Гель хэрэглэсний дараа 150–200 мл ус уугаарай. Ус уухгүй бол ходоодонд хүнд мэдрэгдэж, дотор муухайрна. УБ марафоны замд усны цэг байдаг тул гель хэрэглэхдээ тэр цэгт ойрхон байвал сайн. Гелийг спортын ундаатай хослуулж болохгүй. Хоёулаа нүүрс ус агуулдаг тул давхардаж, ходоод эмзэглэх шалтгаан болдог. Зөвхөн цэвэр усаар угааж уугаарай.

2. Удаан залги — яарах хэрэггүй

Нэг дор залгилах хэрэггүй. 60–90 секундын туршид бага багаар залгисан нь ходоодонд илүү шингэцтэй.

3. Бэлтгэлийн гүйлтдээ туршиж үз

УБ марафоны өдөр анх удаа гель хэрэглэж болохгүй. Биений хариу урвал хүн бүрд өөр байдаг — зарим нь ходоод эмзэг, зарим нь кафеинд мэдрэмтгий байдаг. Бэлтгэлийн 10+ км гүйлт бүрдээ олон удаа туршиж, өөрт тохирсон гелийг олж, сонгоорой.


Санамж

УБ марафон дунджаар 5-6 цаг үргэлжилдэг тул агаарын температур, нарны шарлага нөлөөлдөг. Дулаан өдөр гель хэрэглэх давтамжийг илүү нэмэх нь— биеийн шингэний алдагдалийг багасгахад тус болно.

42 км бол зүгээр нэг зам биш. Гель бол таны гүйлтийг тасалдуулахгүй байлгах хэрэгцээ. Финишийн шугамд хүрэхдээ, тэр медалийг хүзүүндээ өлгөхдөө — гель хэрэглэх нь зөв байжээ гэдгийг мэдрэх болно.

Хэрэв та УБ марафонд орох гэж буй бол амжилт хүсье. Дэлхийн хүн амын зөвхөн 1% л бүтэн марафонд гүйсэн байдаг. Бид таныг ч бас чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл